Hackub 2017

2017 оны 8-р сарын 4-нд Блог ангилалд нийтэлсэн.

9 минут уншина.

Энэхүү нийтлэлийг уншин суугаа танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Уг нийтлэлээ дараа дараагийн хакатонд оролцох хүмүүст сургамж болгох үүднээс бичиж буй.

Хакатон гэж юу вэ?

Хакатон (hackathon) гэдэг нь hack + marathon гэсэн үгээс гаралтай бөгөөд анх 1999 онд хэрэглээнд орж иржээ. Hack гэдэг нь компьютерт халдах гэсэн утгаараа биш, харин програмчлах хайгуул хийх гэсэн агуулгаар ордог байна. Хакатон ихэвчлэн танилцуулга сургалтаар эхэлдэг бөгөөд оролцогчид баг бүрдүүлж, санаагаа уралдуулан демо бүтээл гаргахын тулд хэдэн цаг, эсвэл хэдэн өдрийн турш хамтдаа ажиллана. Багуудад мэргэжлийн зөвлөхүүд дэмжлэг үзүүлж болно. Төгсгөлд нь багууд бүтээлээ танилцуулах ба шүүгчид тодорхой шалгуураар шүүж ялагчдыг тодруулдаг. Хакатоноос шинэ бизнесийн оновчтой санаа шийдлүүд төрөх нь олонтаа бөгөөд оролцогчдыг бүтээлч санаа гаргах, шүүн тунгаах, багаар ажиллах, илтгэх, цагийн менежмент хийх зэрэг олон ур чадварт сургадаг ач холбогдолтой юм.

HackUB-н зорилго юу байв?

Манай оронд мэдээлэл бол тархчихсан байдаг. Гэвч тэр их мэдээллийг системтэй байдлаар цуглуулж, бүтцэд оруулж, хүссэн хүн болгон хайлт хийхэд амар болгосон шийдэл байхгүй.

Монголчуудын хувьд:

  • 5-10 минут алхах зайнд сайн, үнэгүй интернэттэй, орой 12 хүртэл онгойдог кофе шоп хайж олох гэж бид хэдэн арван минут, бүр цаг болох тохиолдол бий.
  • Гэр бүл, найз нөхдөөрөө ороход аятайхан Итали хоолны газар олох бас л хэцүү.
  • Замын түгжрэлд бензин, цагаа үрэн байж очиж: “Дэлгүүр хаачихсан” гэх бичиг олж харах,
  • Хүмүүс аль хэдийнээ ороод, үйлчлүүлээд, тааруу гэдгийг нь мэдчихсэн үйлчилгээний газрыг урьдчилж мэдээгүйгээс болоод очиж үйлчлүүлж өөрийгөө асуудалд оруулах,
  • Эсвэл аль нэг газын бараа, бүтээгдэхүүн нь маш таалагдсан бол түүнийгээ хүмүүс асуух болгонд давтаж хэлээд байх шаардлага гарах

Гадны жуулчдын хувьд:

  • Дэлхийн бусад улсуудын статистик мэдээллийг олж авахад маш амархан бол Монголынх маш хэцүү.
  • Монголд ирээд хаагуур хаагуур яаж аялах вэ гэдгээ мэргэжлийн аялал жуулчлалын компанид хандахгүй л бол өөрөө google-ээс хайгаад маршрутаа зохиох боломж хомс
  • Зочид буудлаа яаж сонгож захиалга өгдөг нь сонин.
  • Онгоцны буудлаас зочид буудал руугаа очих таксигаа, ирээд бусад хүмүүстэй холбоо барих утасны операторыг яаж сонгодог нь сонин.
  • Автобусаар явах бол ямар автобусанд суувал хаашаа хүрэх вэ? гэдгийг мэдэх нь маш хэцүү.
  • Сонирхолтой арга хэмжээ, шоу цэнгээний талаар мэдээллийг та Монгол хэлгүй л бол олж авах бараг боломжгүй.
  • Музей, түүхий дурсгалт газруудын талаарх мэдээллийг мэргэжлийн тайлбарлагч, хөтөч авахгүй л бол интернэт дээрх мэдээлэл хомс.

HUB (уг төслийн нэр) нь Монгол улсад тулгараад буй дээрхи “мэдээллийн хар хайрцаг”-ны асуудлыг хөндөж, хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологиудаар шийдэл олох зорилготойгоор зохион байгуулагдсан.

Бид хэн бэ?

Бид КТМСургуулийн Програм хангамжийн ангийн 2013 оны элсэгчид бөгөөд, уг хакатонд орохоор зориг шулуудсан билээ. Бид энэхүү хакатоны удирдамж гарсан даруйд өөрсдийн багаа бүрдүүлж ажлынхаа хажуугаар төслөө бага багаар хийж байв.

screenshot

Манай багийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Бид юуг буруу хийв?

Уг хакатон нь нийт 10 багийг сонгон шалгаруулж цааш хакатонд оролцуулах байсан билээ. Бид уг 10 багт шалгараагүй бөгөөд юуг буруу хийснийг доор дурдъя.

  1. Танилцуулга видеог маш муу хийсэн.
  2. Зах зээлийн судалгаа хийгээгүй.
  3. Танилцуулга видеон дээр өөрсдийн хийж буй төслийн явцыг дурдаагүй.
  4. Цаг хуваарилалт хийж чадаагүй.

Техникийн зөвлөхүүд юу хүсэж байв?

  • Ажлын туршлагатай, Монголын зах зээлийн нөхцөл байдал мэддэг баг
  • Ерөнхий апп-ны санаа болон шийдэл сайн баг
  • Эртнээс зорилго тавьж шаргуу хичээж буй баг
  • Асуудал тодорхойлолт болон зах зээлийн судалгаа сайтай баг

Техникийн зөвлөхүүдийн сонгон авсан багуудын танилцуулгыг эндээс үзнэ үү.

Цаашид хийх зүйлс

Бид хэдий тэнцээгүй хасагдсан ч ямар ч байсан өөрсдийн төслийг дуусгаж бүтээгдэхүүн болгон гаргах болно. Манай зарим загваруудыг эндээс харна уу.

Цаг зав гарган нийтлэлийг маань уншсан танд гүнээ талархъя.